Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Шүүхийн шийдвэрийн тойм
2023-05-08
92

“БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ХУУЛЬ БУСААР ГЭМТЭЭСНИЙ УЛМААС БАГА ХЭМЖЭЭНЭЭС ДЭЭШ ХОХИРОЛ УЧРУУЛСАН” ГЭХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ, ИРГЭН Л-ИЙГ ЦАГААТГАЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГ БҮРТГЭЛТЭД БУЦААЖ ШИЙДВЭРЛЭВ”

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 46 дугаартай шийдвэр.

Шүүхийн шийдвэрийн тойм №04, 2023.03.24

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

Иргэн Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах иргэн А-ын өмчлөлийн худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын цонхыг хагалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Прокурорын газраас иргэн Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Хэрэгт авагдсан хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд иргэн Л-ийн чулуу шидэж хагалсан цонх 200:180 см хэмжээтэй цонхны гадна талын дан шил цөмөрсөн гэж бичигдсэн боловч иргэн Л нь шүүх хуралдаанд 4 цонх байсан, нэг хаадаг цонхыг нь хагалсан гэх мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан шүүх хуралдааны явцад өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу үзлэг хийхэд 5 тасалгаа бүхий цонх байсан ба хагарсан  гэх цонхны шилний хэмжээ 100:150 см хэмжээтэй болох нь тогтоогдсон бөгөөд 2 давхар шилний гадна талын буюу 1 давхар шил нь хагарч, дотор талын давхарга бүхий шил нь хагараагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон тул иргэн Л-ийн үйлдлийн улмаас эвдэрч гэмтсэн гэх 100:150 см хэмжээтэй 1 ширхэг цонхны шилний зах зээлийн бодит үнэлгээг тогтоох, цонхны шилний онцлог, шинж чанарыг тодорхойлуулахаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулж дээрх ажиллагааг хийлгэв.

Хөрөнгө үнэлгээний компанийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 200:180 хэмжээтэй вакум цонх 1.000.000 төгрөг гэх боловч шүүх хуралдаан дээр хийсэн хэргийн газрын үзлэгээр хагарсан гэх цонхны шилний хэмжээ 100:150 см хэмжээтэй болох нь тогтоогдсон бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 1.000.000 төгрөгийн үнэлгээ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, зөрүүтэй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хуралдаан хойшилсон хугацаанд дахин шинжээч томилох тухай Мөрдөгчийн тогтоол гарч, уг тогтоолд “Эд зүйлийн онцлог нэр, онцлох шинж буюу 1м х 149 м хэмжээтэй вакум цонхны шил, тоо ширхэг 1, чанар хуучин” гэж тэмдэглэн үүнд үнэлгээ хийхийг үнэлгээний компанийн шинжээчид даалгасан боловч үнэлгээний компани “Вакум” цонхны шил тоо ширхэг 2, нэгжийн үнэ 220.000 төгрөг, нийт дүн 330.000 төгрөг гэх дүгнэлт гаргажээ.

Өөрөөр хэлбэл мөрдөгч 1м х 1.49 метр харьцаатай вакум цонхны 1 ширхэг шилний үнэ тогтоолгохоор шинжээч томилсон байхад шинжээч нь дээрх хэмжээ бүхий 2 ширхэг шилний үнийг тогтоож, улмаар 330.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт гаргасныг иргэн Л-ийн өмгөөлөгч эс зөвшөөрч дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж Прокурорын тогтоолоор дахин шинжээч томилсон боловч уг тогтоолд хэргийн хүрээнд тогтоогдоогүй нөхцөл байдал буюу уг цонхны шилийг “хатаасан шил” байсан мэтээр буруу ойлголтыг шинжээч нарт өгч, улмаар шинжээч нар нь прокурорын энэхүү асуултын дагуу 100:150 см хэмжээтэй цонхны хатаасан шилний үнийг 350.150 төгрөгөөр тогтоож дүгнэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан гэрч Д-ийн мэдүүлэгт /цонхыг шиллэсэн, хагарсан цонхыг шиллэсэн иргэн/ иргэн Л-ийн үйлдлийн улмаас хагарсан шил нь “энгийн шил” байсан төдийгүй 260.000 төгрөгөөр цонхыг шиллэж, бүрэн бүтэн болгосон талаар мэдүүлсэн ба гэрч Д нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн төдийгүй, энэ хэрэгт хувийн сонирхолгүй, тухайн баригдаж байгаа барилгын бүхий л цонхыг хийж өгсөн, хагарсны дараа дахин шиллэж өгөх үйлчилгээ үзүүлсэн этгээд болох нь гэрч Ж-ийн мэдүүлгээр давхар нотлогддог тул шүүх гэрчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож шийдвэрлэсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар иргэн Л-ийн буруутай үйлдлийн улмаас хохирогчид 260.000 төгрөгийн хохирол учирч, 260.000 төгрөгөөр цонхоо шиллэж бүтэн болгон хэвийн байдалд нь оруулсан болох нь тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “"бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор хуульчилсан бөгөөд бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй талаар хууль тогтоогч тайлбарласан тул иргэн Л-ийн үйлдлийн улмаас иргэн А-д гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс доош хэмжээний хохирол учирсан болох нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан ба иргэн А, Ж нарын мэдүүлэгт дурдсан “цонхыг зайлшгүй салгаж авч явах шаардлагатай байсан, цонхыг салгаж бүгдийг шиллэсэн тохиолдолд 1.000.000 төгрөгийн зардал гарах байсан, зөвхөн Улаанбаатар хотод шиллэх боломжтой” гэх мэт мэдээлэл, таамаглалд үндэслэн бодит хохирлыг тогтоох үндэслэлгүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 260.000 төгрөг болох нь тогтоогдсон гэж үзэж иргэн Л-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэн Л-ийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, хохирогч А нь 260.000 төгрөгийн хохирлыг зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх явцад төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/85299?daterange=2022-12-22%20-%202023-05-08&id=1&court_cat=2&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Эхлэлд очих