Утас: 70532184, 70532946    |    Цахим шуудан: umnugovi_tg@shuukh.mn   |    Сайтын бүтэц

Эхлэл

Мэдээ

Тов, тойм

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав
2026-05-14
9

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулав

Шийдвэрийн дугаар: 188 дугаартай шүүгчийн захирамж

Шийдвэрийн төрөл: Хуулийн хүчин төгөлдөр болоогүй.

Процессын хураангуй: 2026.05.14

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ё.Насан-Өлзий, А.Батнар, Ц.Санжаа нарыг нийтийн албан тушаалтан бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хуурамч гэрээ байгуулан, хийгдээгүй ажлыг хийгдсэн мэтээр баримт бүрдүүлж 55,616,470 төгрөгийг завшиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө энэ хэргийн шүүгдэгч Ё.Насан-Өлзийгийн  өмгөөлөгч Б.Дашдоржоос “...Өмгөөлөгч миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо нь шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой тул өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөл үүсгэж болзошгүй байна. Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг нотлох баримтын хамтаар шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Ё.Насан-Өлзий, А.Батнар, Ц.Санжаа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж, талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 00 минутад  хийхээр тогтож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хуралдаан болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүх хуралдааны бэлтгэл хангахыг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэв.          

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ

Эхлэлд очих